Арван жилийн өмнө буюу 2015 оны есдүгээр сарын 21-нд уул уурхайн салбар болон хөгжлийн байгууллагад ажилладаг мэргэжил нэгт бидний хэдэн нөхөд манай улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон үүрэгтэй эрдэс баялгийн салбарт тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын үзэл баримтлал, олон улсын сайн туршлага, аргачлалыг нэвтрүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулах эрхэм зорилгын төлөө Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ)-ийг байгуулсан билээ.

Өнгөрсөн 10 жил нь манай улс болон дэлхий даяар нийгэм, эдийн засаг, байгаль орчин, улс төр, геополитикийн хувьд сорилт ихтэй, мөн баялаг үйл явдлаар дүүрэн жилүүд байлаа. Энэ хугацаанд бид шинэ тутам үүссэн байгууллагын хувьд баг хамт олон, институцийн хувьд сууриа тавин хөгжихийн зэрэгцээ улс орныхоо эрдэс баялгийн  салбарын тогтвортой хөгжлийг дэмжих, олон талын тэнцвэртэй бөгөөд ажил хэрэгч оролцоо, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх үйлсэд ихээхэн хүчин чармайлт тавин ажилласан.

Тогтвортой хөгжиж, нийгэм, байгаль орчинд хариуцлагатай хандах нь зөвхөн Монгол Улсын хэмжээнд биш мөн дэлхийн хэмжээнд ч хамгийн чухал зүйл болж байна. Тийм ч учраас, эхний 10 жилдээ хуримтлуулсан туршлага, хүчин чармайлт дээрээ суурилан дараагийн 10 жилд бид эрхэм зорилгоо тууштай хэрэгжүүлж, нийт харилцагч байгууллага, үйлчлүүлэгчид, түншүүдтэйгээ илүү үр дүнтэй хамтран ажиллах болно.

ТНЗ-ийн арван жилийн ойн босгон дээр тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын үзэл баримтлалыг хэрэгжүүлдэг, түгээн дэлгэрүүлдэг иргэд, байгууллагууд, үйлчлүүлэгчид, хамтрагч түншүүддээ талархал илэрхийлж, баярын мэнд хүргэе.

Ж. Сүнжидмаа

ТНЗ-ийн үүсгэн байгуулагчдын нэг, Удирдах зөвлөлийн гишүүн