“Орон нутгийн хамтын ажиллагаа ба хариуцлагатай уул уурхай” сэдэвт сургалт 2025 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтыг Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын газрын санаачилга, захиалгаар Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ) зохион байгуулав. Сургалтын зорилго нь уул уурхай ба орон нутгийн харилцааг сайжруулах, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг үр дүнтэй болгох зорилготой юм.
Сургалтад Өмнөговь аймагт уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй 15 аж ахуйн нэгж, мөн уул уурхай бүхий Цогтцэций, Баян-Овоо, Баяндалай, Ханхонгор, Мандал-Овоо, Ноён, Гурвантэс сумдын удирдлагууд болон хамтын ажиллагааны хорооны гишүүд оролцов.

Сургалтыг Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар нээж, орон нутгийн захиргаа болон уул уурхайн компаниудын хамтын ажиллагааны ач холбогдлыг онцолж, үүнд энэхүү сургалт зохих хувь нэмрээ өгнө хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн.
ТНЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Сүнжидмаа “Уул уурхай ба орон нутгийн харилцаа” сэдвээр илтгэл тавьж, хуульч, өмгөөлөгч Ц.Цэцэнбаатар “Орон нутагтай хамтран ажиллах гэрээний эрх зүйн үндэс, загвар гэрээний бүтэц”-ийн талаар танилцуулсан бол ТНЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга О.Батболд гэрээний хэрэгжилт, хариуцлагын тогтолцоо, ил тод байдлын талаар мэдээлэл өгч, хэлэлцүүлэг өрнүүлэв.
Үдээс хойших сургалтад уул уурхайн компаниудын төлөөлөл нэмэгдэн оролцож, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа “Хариуцлагатай уул уурхай” сэдвээр илтгэл тавив. Мөн Австралийн Күинсландийн их сургуулийн судлаач Др. Д.Бямбажав цахимаар оролцож, нийгмийн зөвшөөрөл, итгэлцлийн ач холбогдлын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.

Түүнчлэн ННФ-ын Засаглалын хөтөлбөрийн менежер Д.Эрдэнэчимэг, Оюутолгой ХХК-ийн Орон нутаг хариуцсан ерөнхий менежер Г.Сугар, ТНЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга О.Батболд нар гэрээний туршлага, эрсдэл, боломж болон түншлэлийн зарчим, сорилт, шийдлийн талаар илтгэл тавьсан юм.
Сургалтын төгсгөлд оролцогчид хэлэлцүүлэг өрнүүлж, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг амжилттай болгохын тулд итгэлцэл, ил тод байдал, харилцан хүндэтгэл, орон нутгийн оролцоог гол хүчин зүйл гэж тодорхойллоо.
