Гурван талт зөвлөлийн Малчдын төлөөллийн ахлагч Ч.Намнансүрэн:

10 жилийн ойгоо тэмдэглэж буй Монголын Тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийн (ТНЗ) хамт олонд ойн баярын мэнд дэвшүүлье. Ханбогд сумын Гурван талт зөвлөл нь 2015 онд үүсгэн байгуулагдсан. Бид зөвлөлийн дүрмийн хүрээнд ээлжит хурлаараа хараат бус Нарийн бичгийн байгууллага авч ажиллуулах нь зүйтэй гэсэн шийдвэрт хүрсэн юм. Ингээд 2022 оны нэгдүгээр сараас ТНЗ нь хараат бус нарийн бичгийн байгууллагаар сонгогдсоноор, нарийн бичгийн байгууллагын чиг үүргийг 3 жилийн хугацаанд амжилттай гүйцэтгэж, зөвлөлийн нэг хэсэг болж хамтран ажилласан билээ.

Өнгөрсөн хугацааны туршлагаас харахад нарийн бичгийн байгууллагын ажилтан нь дан ганц баримт бичиг боловсруулалтын чадвараас илүү хүнтэй харилцах, ойлголцох, хамт олны уур амьсгал, нөхцөл байдлыг мэдрэх, эерэг уур амьсгал бий болгох гэх мэт нарийн ур чадвартай байх нь нэн тэргүүний шаардлага юм.
Иймдээ ч ТНЗ нь Хараат бус нарийн бичгийн байгууллагаар ажиллах 3 жилийн хугацаанд зөвлөлийн үйл ажиллагаанд олон ололт амжилт гарсныг энд дурдах нь зүйтэй. Талууд хоорондын харилцааны уялдаа холбоог нарийн ойлгож, зохицуулах, сайжруулах, шаардлагатай мэдээ, мэдээллээр цаг тухайд хангах, хараат бус хөндлөнгийн байр сууринаас аливаад хандах, тэр дундаа талуудын ажлын ачаалал, нутаг орны соёл, ахуй амьдралын онцлог, байгаль цаг уурын нөхцөл байдлыг сайтар ойлгож, хамт олонч, нэгдмэл, эерэг уур амьсгал бий болгоход ажлаа чиглүүлж, хамтарч ажилласан та бүхэндээ гүнээ талархаж байгаагаа илэрхийлье.