Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон газарт нөхөн сэргээлт хийх аргачлал боловсруулж, нэвтрүүлсэн нь:
Уур амьсгалын өөрчлөлт болон бизнесийн үйл ажиллагаанаас үүдэлтэй газрын доройтол, эвдрэл Монгол орны хувьд нэн тулгамдсан асуудлын нэг болоод байна. Тэр дунд түгээмэл тархацтай ашигт малтмал (ТТАМ) олборлогчид буюу манайхны хэлж заншсанаар зам, барилгад ашиглах зорилго бүхий элс, шавар, хайрга, дайрга олборлогч компаниудын нөхөн сэргээлгүй орхисон талбайнууд багагүй хувийг эзэлдэг. Үүний нэг жишээ бол Дарханы авто замын дагуу ухаж сэндийлээд орхисон уул толгод, ундуй сундуй чулуу шорооны овоолгууд юм. Эгээ л дайны ул мөр гэлтэй харагдах ийм элс хайрганы карьер, ухсан нүх Монгол орны бараг бүх сум суурин газарт бий.
ТТАМ олборлогч аж ахуйн нэгжүүдэд нөөцийг ашиглаж дууссан талбайд нөхөн сэргээлт хийхийг үүрэгжүүлсэн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн заалт бий. Гэвч хуулийн хэрэгжилт туйлын хангалтгүй, нөхөн сэргээлт хийдэг аж ахуйн нэгж цөөн, хийсэн нь төдийлөн шаардлага хангахуйц биш байна. Шалтгаан нь томоохон уул уурхайн компаниудад зориулан боловсруулсан нөхөн сэргээлтийн аргачлал нь ТТАМ ашигладаг жижиг хэмжээний аж ахуйн нэгжүүдэд хэт нүсэрддэг төдийгүй ихээхэн зардал мөнгө шаарддагтай холбоотой юм. Мөн нөхөн сэргээлтийг хэрхэн хийх талаар заавар чиглүүлэг дутмаг явдал ч нөлөөлдөг аж.
“Ногоон титэм” ХХК-ийн судлаач Б.Алтангэрэл
ТТАМ-ын талбайн хэмжээ харилцан адилгүй байдаг. Зарим аж ахуйн нэгжүүд хэдэн зуун га газартай бол зарим нь маш бага буюу хэдхэн арван га газарт үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь тухайн компани ТТАМ-ыг ямар зорилгоор, мөн хэр хэмжээний нөөцийг, хэр хугацаанд ашиглахтай холбоотой. Гэхдээ ихэнх компаниудын хувьд жижиг буюу хэдхэн арван га талбайтай байдаг. Тэр хэмжээгээр нөхөн сэргээлт хийх талбайн хэмжээ багасдаг. Тиймээс жижиг талбайд хэрхэн нөхөн сэргээлт хийж болохыг энэ аргачлалаас мэдэж болно. Үүний жишээ нь “Очирням” компанийн талбай. Бид жишиг нөхөн сэргээлт хийхдээ 1 га газарт олон наст ургамлын үр цацаж, бог малаар гишгүүлж үрсэлгээ хийлгэхийн тулд өвс тараасан. Бог малаар гишгүүлэх нь үр суулгах байгалийн хялбар арга. Үрсэлгээ хийхийн тулд сургалтын талбайд 20 хонь, 10 боодол өвс, 1000 литр ус урьдчилан бэлтгэсэн. Үүнд тодорхой хэмжээний зардал гарч байгаа ч энэ нь томоохон машин техник ашиглахаас маш хямд тусна. Мөн нөхөн сэргээлт хийхдээ байгаль орчинд ээлтэй буюу элдэв машин техник, түлш шатахуун ашиглаагүй нь гол давуу тал юм. Улаанбаатарын ойролцоо ТТАМ олборлодог компаниуд гол төлөв хотын зах, хотын ойролцоох захын дүүрэгт байдаг тул ийм аргаар нөхөн сэргээлт хийх боломжтой.
Бидэнд өмнөх аргачлал нь хэтэрхий том нүсэрдээд байсан. ТТАМ олборлогчдод гарын авлага болчихоор тодорхой бөгөөд хялбархан аргачлалтай болсноор бид түүнийг бариад компаниудаа шахаад явахад амар болж байна. Мөн аргачлал боловсруулах явцдаа компаниудыг оролцуулан саналыг нь авч хамтран боловсруулсан нь хэрэгжилтэд маш дөхөмтэй боллоо” хэмээн аргачлалын амьдралд нийцтэй байдлыг үнэлж байна.

Сургалтын дараа оролцогч аж ахуйн нэгжүүдээс түгээмэл тархацтай ашигт малтмалын нөхөн сэргээлтийг үр дүнтэй байлгах чиглэлд гаргасан саналын дийлэнхэд сургалт чухал гэж үзжээ. Үүнд дүйцүүлэх нөхөн сэргээлтийг үйл ажиллагаа явуулж буй талбайдаа хийдэг болох, байгаль орчны нөхөн сэргээлтийн практик дадлагыг тогтмол хийх, холбогдох сургалтуудыг төрөл бүрийн хэлбэрээр зохион байгуулах, аж ахуйн нэгжүүд мэдлэг туршлагаа солилцох нь чухал гэж үзсэн байна. Энэ бүхэн ийм чиглэлийн үзүүлэх сургалт, хэлэлцүүлэг ихээхэн дутагдалтай, хэрэгцээ шаардлага өндөр байгаагийн илрэл юм.
Монгол Улсын хувьд дэд бүтэц, барилга байгууламж барих хэрэгцээ шаардлага өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа. Үүнийг дагаад ТТАМ-ын хэрэгцээ улам өснө. Тиймээс ТТАМ олборлогч аж ахуйн нэгжүүдийг нөхөн сэргээлт хийх талаар чадавхжуулах, хэрэгцээт сургалтыг зохион байгуулах, сургалтаар дамжуулан аж ахуйн нэгжүүдийн харилцаа холбоог сайжруулж, туршлага солилцох үйл ажиллагааг тогтмол зохион байгуулах хэрэгцээ шаардлага цаашид ч байсаар байна. Үүнд түгээмэл тархацтай ашигт малтмал олборлосон газарт хийх нөхөн сэргээлтийн аргачлал болон түүний дагуу зохион байгуулсан нөхөн сэргээлтийн үзүүлэх сургалт жишиг болох чухал ач холбогдолтой юм.
