“Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр-2020”-ийн сүүлийн шатанд хамрагдан, Канад улсад туршлага судалж буй Монголын сэтгүүлчид хөтөлбөрийн хүрээнд Канад Улсын нийслэл Оттава хотод 2022 оны зургаадугаар сарын 17-18-ны өдрүүдэд ажиллалаа. Оттава хотноо Канад Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамаар зочилж, Элчин сайд Я.Ариунболд, Элчин зөвлөх В.Оюу, Д.Уянга, Хоёрдугаар нарийн бичгийн дарга Д.Золзаяа нартай уулзан, Монгол, Канад Улсын олон талт хамтын ажиллагааны талаар ярилцаж, сонирхсон асуултдаа хариулт авсан юм.
Мөн өдрөө сэтгүүлчид Канадын Уул уурхайн ассоциацийн Дэд ерөнхийлөгч Бэн Чалмерстай уулзаж, Канадын уул уурхайн салбар болон тус ассоциацийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авлаа. Тус ассоциаци нь 1935 онд байгуулагджээ. Канадын Уул уурхайн ассоциациас Тогтвортой уул уурхайн төлөө санаачилгыг 2004 онд анх боловсруулсан байна. Уг санаачилга улам боловсронгуй болж сайжирсаар байгаа бөгөөд Канадаас гадна 8 улс нэвтрүүлжээ. Уг стандартыг нэвтрүүлэх асуудлаар тус ассоциацийн зүгээс 2019 онд манай улсад ирж танилцуулга хийж байсан билээ.
