Монголын Тогтвортой хөгжил, Нийгмийн хариуцлагын зөвлөл /ТНЗ/ нийгэмд үйлчлэх ТББ нь “Уул уурхай, эдийн засгийн чиглэлээр сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр”-ийг “Оюутолгой” ХХК-ийн дэмжлэгтэйгээр эхлүүлж байна.
Сэтгүүлчдийг давтан сургах, тодорхой сэдвээр мэргэшихэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх энэхүү хөтөлбөр нь ашгийн бус үйл ажиллагаа бөгөөд сэтгүүлчдийг мэргэжлийн арга зүйгээр дэмжсэнээр олж авсан мэдлэг, ойлголтынх нь цаана иргэд бодит мэдээллээр хангагдах ач холбогдлыг үнэлэн хэрэгжүүлж буй төсөл юм. Улмаар хэвлэл мэдээллийн салбарт мэргэжлийн редакциуд төлөвшихөд зохих хувь нэмрээ оруулна хэмээн төсөл хэрэгжүүлэгчид үзэж буй.
Энэ удаагийн хөтөлбөр нийт 4 сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд 3 удаагийн суралцах, туршлага солилцох арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Төслийг хэрэгжүүлэгч ТНЗ нь тодорхой редакциудын эдийн засаг, уул уурхайн чиглэлээр ажиллаж буй болон парламентийн сэтгүүлчдийг сонгон, хөтөлбөрт урьсан бөгөөд нийт 15 сэтгүүлч нэгдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд эхний шатны сургалтад хамрагдаад байна. Байгалийн нөөц баялаг дээрээ тулгуурлан хөгжсөн болон хөгжиж буй улс орнуудын хөгжлийн бодлого, тогтвортой байдал, хүртээмжтэй өсөлт болон Монголын уул уурхайн салбарын хөгжил, тулгамдаж буй асуудлуудын талаарх мэдлэг, мэдээллийг хуваалцсан уг семинарын дараа сэтгүүлчид суралцсан мэдлэг ойлголтдоо үндэслэн нийтлэл, нэвтрүүлэг хийснээр дараагийн шатанд хамрагдах юм. Хөтөлбөрийн хоёр дахь үе шатанд сэтгүүлчид хоёр багт хуваагдан, Америк, Канад улсад ажиллаж, туршлага судална. Гурав дахь шатанд Сургалтын үр дүнг үнэлэх хэлэлцүүлгийн арга хэмжээ зохион байгуулах ба сэтгүүлчдийн бүтээлээр цахим эмхэтгэл гаргана.
