Ханбогд, Өмнөговь – 2025.11.22–23
Өмнөговь аймаг дахь орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг мэргэжлийн арга зүйгээр дэмжих зорилготой “Орон нутгийн сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр” нээлтээ хийлээ. Энэхүү хөтөлбөрийг “Оюутолгой” ХХК-ийн санаачилгаар Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ) хэрэгжүүлж байна. Хөтөлбөр нь баримтад суурилсан, хариуцлагатай сэтгүүл зүйн хөгжлийг дэмжих, орон нутгийн сэтгүүлчдийн мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, улмаар сэтгүүлчдийн бүтээл, контентуудаар дамжуулан иргэдэд уул уурхайн талаар үнэн бодит ойлголт өгч, мэдээллийн хүртээмжийг сайжруулах, уул уурхайн талаар үнэн зөв, бодит мэдээлэл түгээх тогтвортой хамтын ажиллагаа бий болгохыг зорьж байгаа юм.
Хөтөлбөрийн эхний сургалт семинар Ханбогд суманд болж, Өмнөговь аймаг болон Ханбогд суман дахь хэвлэл мэдээллийн 7 байгууллагын 12 сэтгүүлч, контент бүтээгчид идэвхтэй оролцлоо. Сургалт семинараар ШУТИС-ийн багш, QMC группын Ерөнхий захирал М.Дагва уул уурхайн үйл ажиллагаа, төслийн мөчлөг, техникийн шийдлийн талаарх суурь мэдлэг ойлголтыг хүргэсэн бол судлаач Н.Дорждарь уул уурхайн орлого бүрдүүлэлт, түүний хуваарилалт, орон нутгийн иргэдэд ногдох үр өгөөжийн талаарх мэдээллийг баримтад тулгуурлан танилцууллаа. Мөн UnnuNews-ийн Ерөнхий редактор Б.Лхагвацэрэн сошиал медиа платформуудын стратеги, алгоритмын бүтэц, онцлогийг танилцуулж, Тайлбарлах сэтгүүл зүйн талаар практик зөвлөмжийг сэтгүүлчидтэй хуваалцав.
Хөтөлбөрийн хоёр дахь өдөр оролцогчид Оюутолгойн ил болон гүний уурхайн үйл ажиллагаа, технологи, аюулгүй ажиллагааны стандарттай газар дээр нь танилцсаны зэрэгцээ Оюутолгой компанийн ханган нийлүүлэгч орон нутгийн бизнесийн зарим төлөөллүүдтэй уулзаж, ажлын байр, үйлдвэрлэлийн орчинтой газар дээр нь танилцлаа.
Энэхүү хөтөлбөр 2026 оны наймдугаар сар хүртэл сургалт, дадлага, мэргэжлийн туршлага солилцоо, тогтмол контентын дэмжлэг зэрэг үе шаттайгаар үргэлжлэх юм.
