Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ) нь Монголын эрдэс баялгийн салбарт нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг түгээх, олон талт хамтын ажиллагааг бий болгох зорилгоор төрсөн байгууллага юм. Салбарын оролцогч талуудыг нэг ширээний ард суулгах оролдлогын эхлэл болсон дугуй ширээний ярилцлагаас тус байгууллагын эх үндэс үүссэн бөгөөд энэхүү аялал 2012 онд эхэлж, 2015 онд төрийн бус байгууллага болж зохион байгуулагдсан түүхтэй. Өнөөдөр энэ санаачилга нь эрдэс баялгийн салбарт компанийн хариуцлагын тогтолцоо, мэдээллийн ил тод байдлын хөгжилд тодорхой нөлөө үзүүлсээр иржээ.
Арваннэгдүгээр сарын 28-нд тус зөвлөлийн хамт олон 10 жилийн ойгоо даруухан ёсолж, салбарын олон зочин, түншүүд нэг танхимд цуглан өнгөрсөн он жилүүдийн ололт, сургамж, ирээдүйн зорилтоо хэлэлцлээ. Энэ өдөр нь нэгэн байгууллагын ой төдий биш, бизнесийн, төрийн иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, олон улсын хөгжлийн байгууллагууд, судалгаа шинжилгээний байгууллагууд зэрэг олон оролцогчийг нэгтгэсэн хамтын цугларалт гэж хэлж болохоор байсан юм.
ТНЗ-ийн Гүйцэтгэх захирал Н.Ариунтуяа нээлтийн үгэндээ:
“Бид уул уурхай, орон нутгийн иргэд, төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, бизнесийн түншүүдтэйгээ нэг ширээний ард сууж, итгэлцэл, харилцан ойлголцол дээр суурилсан шийдлийг хамтдаа бүтээж ирсэн. Бидний бүтээсэн хамгийн том үнэ цэн бол оролцогч талуудын хоорондын хамтын ажиллагаа,итгэлцэл” хэмээн онцолсон нь байгууллагын гол философийг товч тодорхойллоо.
Олон талын хамтын ажиллагаа бол бүтээхэд хамгийн хүнд, гэхдээ хамгийн чухал зүйл юм. ТНЗ-ийн гол онцлог нь уул уурхайн олон талт оролцогчид болох орон нутаг, төр, иргэний нийгэм, хэвлэл мэдээлэл, бизнесийн түншүүдийг нэг дор суулгаж, харилцан ойлголцлын орон зай бий болгохыг зорьж буй явдал билээ. Олон талт оролцоо гэж онолын түвшинд ярьдаг ойлголт Монголын нөхцөлд бодит ажил болон хэрэгжиж буй нь ТНЗ-ийн 10 жилийн гол үр дүн гэж хэлж болно.
“10 ЖИЛ 10 МИНУТАД”
Арга хэмжээний гол хэсэг болсон богино илтгэлүүд нь ТНЗ-ийн өнгөрсөн арван жилийг гурван гол өнцгөөс харуулсан юм.
Хариуцлагатай уул уурхайд сэтгүүлзүйн оролцооны нөлөө, Орон нутгийн хөгжлийн бодит кейсүүд,Бизнесийн хариуцлагаас тогтвортой хөгжлийн түншлэл рүү хийх шилжилт гэсэн гурван чиглэлд салбарын төлөөллүүд өөр өөр өнцгөөс байр сууриа илэрхийлэв.
GoGo.mn сайтын Ерөнхий редактор Р.Адъяасүрэн “Хариуцлагатай уул уурхайн хөгжилд сэтгүүл зүй ч гэсэн өөрийн оролцоо, хувь нэмрээ үнэн зөв, бодит мэдээллээр оруулж байгаа”-г онцолсон бол “Оюутолгой” ХХК-ийн Орон нутаг хариуцсан Ерөнхий менежер Г.Сугар “Орон нутгийн хөгжил бол зөвхөн компаниудын хуваарилдаг хөрөнгө биш, харин хамтын төлөвлөлт, харилцан ойлголцол, хамтдаа бүтээх урт хугацааны хандлага” хэмээн тодотгов.
ТНЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга О.Батболд илтгэлдээ, “Компанийн нийгмийн хариуцлагаас илүү тогтвортой хөгжлийг хамтын түншлэлийн түвшинд авч үзэх шаардлага бий болсон. ТНЗ бол энэ шилжилтийн гол чиглүүлэгчдийн нэг” гэж хэлсэн нь салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон үг байв.
ХАНЫН БУЛАН — ХАМТЫН ДУРСАМЖ, ДАРААГИЙН 10 ЖИЛИЙН ТӨСӨӨЛӨЛ
Үйл явдлын онцлох хэсэг бол зочид дурсамж, санал, урам зоригийн үгээ бичиж үлдээдэг “Бидний 10 жил” ханын булан байлаа. Энэ нь ТНЗ-ийн хамгийн том үнэ цэн болох олон талын оролцоог бэлгэдсэн, хамтын ирээдүйг хамтдаа төсөөлөх орчин болж өөрчлөгдсөн юм. Тэдгээрийн заримаас хуваалцъя.
-Тогтвортой хөгжил бол үнэхээр бидний ирээдүй учраас энэ шинэ ойлголтыг нийгэмд нэвтрүүлэн сахиулсанд гүнээ талархаж явдаг аа. Энэ чиглэлээрх ойлголтоо сайжруулж хувь хүний хувьд үүргээ гүйцэтгэсэн бор байшингаа нурааж удахгүй ногоон байшин барин цаашилбал нийгэм, дэлхийн өмнөх хариуцлагаа биелүүлэн жаахан ч атугай СО2-оо хаягдалтай тойрог эдийн засаг бүхний Монгол орны төлөө ТНЗ-н нөлөөллөөр олон хүн над шиг зоригжин хариуцлагатай амьдарна гэдэгт итгэлтэй байна. 4 дэх засаглалыг дэмжин бэхжүүлдэгт баярлалаа.
-Сэтгүүлзүйн салбарт, сэтгүүлчдийн чадавхжуулан түүгээр дамжуулан олон онийтэд мэдээлэл хүргэх үйл ажиллагаанд манлайлан оролцсонд баярлалаа. Цаашдаа олон салбарыг холбож тогтвортой хөгжилд хөтөлж, нийгмийн хариуцлагаар манлайлж яваарай. 20 жилийн ойгоороо улам олон амжилттайгаар уулзацгаая.
ТНЗ-өөс уул уурхайн тод байдлыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлээгүй бол өнөөдрийн Voyager AGI төсөл төрөхгүй байлаа. Энэ бол нэг л кейс юм.
ДАРААГИЙН 10 ЖИЛ — ЯРИХ БИШ ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЕ
Энэ хэсэгт ТНЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Э.Сүнжидмаагийн чиглүүлгээр Mining Insight сэтгүүлийн бодлогын зөвлөлийн гишүүд Д.Ачит-Эрдэнэ, З.Ган-Очир, М.Дагва нар ТНЗ-ийн болон эрдэс баялгийн салбарын ирэх 10 жилийн хөгжлийг хэрхэн тодорхойлж байгаагаа хуваалцсан. Тэд дараах чиглэлүүдийг онцолсон бөгөөд хэлэлцүүлгийн дэлгэрэнгүйг бид тусгайлан хүргэх болно.
ESG зарчмуудыг бодит хэрэгжилтийн түвшинд хүргэх
Орон нутгийн харилцааг шинэ шатанд гаргах
Байгаль орчин, нийгмийн нөлөөллийг хэмжих илүү нарийн тогтолцоо нэвтрүүлэх
Хариуцлагатай хөрөнгө оруулалтын орчинг бэхжүүлэх
Энэ нь ТНЗ-ийн дараагийн 10 жил зөвхөн сургалт, уулзалт зохион байгуулахаас цааш гарч, бодит шийдэл, бодлогын нөлөөллийг бий болгох үе эхэлж буйг илтгэсэн юм.
10 ЖИЛ ТӨГСГӨЛ БИШ, ХАРИН ХАМТЫН ИРЭЭДҮЙН ЭХЛЭЛ
Оройн чөлөөт ярилцлагын хэсэг нь салбарын олон талт түншүүдийг илүү ойртуулж, албан бус орчинд чөлөөтэй ярилцах боломжийг олгосон бөгөөд “Монте Вино”-гийн дарсны амталгаа, “Үлэмж катеринг”-ийн бэлтгэсэн амтат зоог оройн уур амьсгалыг улам халуун дулаан болгосон юм.
Мөн үеэр ТНЗ-ийн баяр дээр баяр нэмж, хамт олны зарим төлөөлөл шагнал гардлаа. ТНЗ-ийн Удирдах зөвлөлийн дарга О.Батболд Алтангадас одонгоор, Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Сүнжидмаа, Б.Баяржаргал нар “Тэргүүний уурхайчин” цол тэмдгээр, ТНЗ-ийн Өмнөговь дахь менежер Д.Ууганбаяр АҮЭБЯ-ны Жуух бичгээр шагнуулав.
ТНЗ-ийн 10 жил бол нэг байгууллагын нас биш — салбарын хамтын соёл төлөвшсөн 10 жил юм. Ирэх арван жилд энэ хамтын соёл илүү гүнзгийрч, хөгжлийн бодит үр дүнг авчирна гэдэгт оролцогчид санал нэгдэв.
