ТНЗ 10 жилийн ойд зориулсан илтгэл
Удирдах зөвлөлийн дарга О.Батболд

Хүндэт зочид оо, эрхэм та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.
Миний хувьд 2010 онд Германд сургуулиа төгсөөд, Монгол Улсдаа хариуцлагатай уул уурхайн ойлголтыг нутагшуулах том зорилго тээсэн ажлын санал авч, эх орондоо ирж байлаа. Тухайн үед энэ сэдэв шинэхэн, оролцогч талууд “хариуцлагатай уул уурхай”-н зарчмуудыг дөнгөж ярьж эхэлж байсан үе. Өнөөдөр эргээд харахад бидний хамтдаа асаасан тэр жижигхэн “оч” Монголын уул уурхайн бодлого, бизнесийн орчны салшгүй нэг чухал хэсэг болсонд бахархалтай байна.

2011 онд олон улсын хөрөнгө оруулагчдын анхаарал, эрдэс баялгийн салбарын өсөлт оргилдоо хүрч, “хариуцлага”-ын тухай ойлголт ид моод болж эхэлсэн ч миний ажиллаж байсан байгууллага бүтцээ өөрчилж, мэргэжлийн бус томилгоонууд хийгдсэнээр хариуцлагатай уул уурхайн анхны санаачилга суларч доголдож эхэлсэн юм. Зорилго, мөрөөдөлтэй минь зөрчилдсөн тэр үед ажлаа солих бодол төрж, цаашид ямар алхам хийхээ шийдэж ядан эргэлзэж байх үед надад Монголд ажиллах боломж олгож, итгэл хүлээлгэсэн герман түншүүд маань “түр хүлээ, Монголын уул уурхайн салбарт удахгүй шинэ төсөл эхлүүлэх гэж байна, чи түүнд бэлэн байгаарай ” гэж хэлсэн нь миний дараагийн замыг тодорхойлсон гэхэд болно.

Ингээд би 2011 оны арванхоёрдугаар сараас GIZ-ийн ЭТИС хөтөлбөрт ажиллах болж, эдийн засгийн сайн засаглал, нийгмийн хариуцлагын чиглэлийг хариуцах болсон. Тэнд би өмнөх байгууллагадаа эхлүүлсэн ч тасалдчихаад байсан орон нутгийн харилцааны чухал ажлыг дахин сэргээж үргэлжлүүлснээр өнөөдрийн Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийн суурь болсон анхны дугуй ширээний уулзалтыг 2012 оны гуравдугаар сард “Бороо Гоулд” компанитай хамтран зохион байгуулсан нь тухайн үедээ томоохон ололт байлаа.
Энэ хугацаанд бид Дугуй ширээний уулзалтуудыг тогтмолжуулж, салбарын талуудыг нэгтгэсэн; анхны нийгмийн хариуцлагын сургагч багш нарыг олон улсын мэргэжилтнүүдийн хамтран бэлтгэсэн; талуудын ойлголт, хүлээлтийг ойртуулах зорилготой Нийгмийн хариуцлагын үндэсний форумуудыг цувралаар амжилттай зохион байгуулсан; Германд судалгааны аялал зохион байгуулж, туршлага солилцсон; Орон нутгийн харилцааны багийг байгуулан, компаниудын туршлага солилцох тогтолцоог бий болгосон.

Эдгээр ажлын үр дүнд дугуй ширээний уулзалтад хамтран ажиллаж байсан компаниудын санаачилгаар 2014 онд CSR клуб үүсэж, улмаар 2015 онд өнөөдрийн бидний мэдэх Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл болон өргөжсөн юм. Зөвлөлийн нэрийг сонгохоос эхлээд дүрэм журмаа боловсруулах, бүртгүүлэх хүртэл бүхий л үйл явц нь сайн дурын оролцоо, хариуцлагатай бизнесийг Монголд хөгжүүлэх итгэл дээр тулгуурласан юм.

“Морин дээрээс дэлхийг дайлах амархан, мориноосоо буугаад төрийг төвхнүүлэх хэцүү” гэдэг шиг, байгууллага байгуулах нь харьцангуй амархан ч түүнийг тогтвортой, үр дүнтэй ажиллуулах нь хамгийн хэцүү сорилт байв. Англиар хэлбэл – ideas are cheap, implementation is gold.
ТНЗ-ийн анхны жилд захиргааны хүний нөөц бүрдүүлэх, санхүүжилт татах, төслөө эхлүүлэх зэрэг суурь ажилд GIZ ЭТИС хөтөлбөр дэмжлэг үзүүлсэн нь байгууллага институцийн хувьд бэхжих анхны алхам болсон юм.

Гэвч дэлхий хурдтай өөрчлөгдөж, компанийн нийгмийн хариуцлага гэдэг ойлголт Мянганы хөгжлийн зорилтуудаас Тогтвортой хөгжлийн зорилтууд руу шилжиж, бизнес зөвхөн ашиг олох биш нийгэм, байгаль, эдийн засгийн ирээдүйд хөрөнгө оруулах үүрэг хүлээх болсон тул бид ч Нийгмийн хариуцлагын форумаа Тогтвортой хөгжлийн форум болгон нэрийг нь өөрчилсөн юм.
Тогтвортой хөгжил бол зорилт биш – зайлшгүй сонголт, хөгжлийн гарц юм. Энэ нь нийгмийн шударга ёс, байгаль орчны хамгаалал, эдийн засгийн урт хугацааны ашигт ажиллагааны гурван тулгуурт тогтолцоо.

Өнөөдөр дэлхийн хөрөнгө оруулагчид зөвхөн компанийн ашиг орлого руу бус харин эрсдэл, засаглал, нийгмийн нөлөөлөл, байгаль орчинд чухал ач холбогдол өгч байна. Энэ л утгаараа бидний өнөөдөр ярьдаг ESG — Байгаль орчин (Environmental), Нийгэм (Social), Засаглал (Governance) — гэсэн үзэл баримтлал бий болсон.

Монгол Улсад уул уурхай нь эдийн засгийн гол хөдөлгөгч хүч, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 80 хувийг бүрдүүлж байна. Тиймээс байгаль орчны нөлөөллийг бодитойгоор тооцох, ус, эрчим хүч, хог хаягдлаа зөв удирдах, орон нутгийн иргэдтэй шударгаар харилцах, ил тод засаглалыг бий болгох нь сонголт бус, бидний тогтвортой байх үндэс юм. Энэ санаагаа би саяхан Mining Pulse подкастад дэлгэрэнгүй ярьсан тул ТНЗ-ийн сэдэвтээ эргээд оръё.

ТНЗ-ийн удирдлагын хувьд 2015–2017 онд Отгонтуяа, 2017–2019 онд Баяржаргал, 2019 оноос өнөөг хүртэл Батболд миний бие Удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байна. 2019 оны эхээр манайхан “чи одоо GIZ-тай ашиг сонирхлын зөрчилгүй болсон тул хамтран үүсгэн байгуулсан байгууллагаа одоо авч явах цаг нь болсон” гэснээр намайг Удирдах зөвлөлийн даргаар сонгосноор ТНЗ-ийг манлайлах албан ёсны эхлэл болсон. Энэ үед Ариунааг хамтарч ажиллая хэмээн ятгаж чадсанаар багтаа авч, удаа ч үгүй COVID-19-ийн хүндрэл дунд 2020 онд 5 жилийн ойгоо цахимаар тэмдэглэж байлаа.

Өнөөдөр ТНЗ нь ESG болон тогтвортой хөгжлийн гарааны чадавх бий болгох, орон нутгийн харилцааны соёлыг төлөвшүүлэх, уул уурхайн чиглэлээр сэтгүүлчид болон оролцогч талууд, олон нийтийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх чиглэлээр ажилалж байна. Энэ бүхний үндсэн дээр зөвхөн уул уурхайн салбар төдийгүй Монголын бизнесийн ирээдүйг шинэ түвшинд гаргахад хувь нэмрээ оруулахыг зорин ажиллаж байна.

Бид уул уурхай, орон нутгийн иргэд, төрийн болон иргэний нийгмийн байгууллагууд, их дээп сургууль, судалгаа шинжилгээний байгууллагууд, бизнесийн түншүүдтэйгээ нэг ширээний ард сууж, итгэлцэл, харилцан ойлголцол дээр суурилсан шийдлийг хамтдаа бүтээж ирсэн нь ТНЗ-ийн хамгийн том үнэ цэн болсон гэдгийг онцлох нь зүйтэй. Энэ 10 жилд бид эрдэс баялгийн салбарын олон түншүүдтэй хамтран олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж чадсан нь өнөөдрийн бидний хүрсэн амжилтын үндэс юм.

Эцэст нь ,
ТНЗ бол байгууллага биш – зорилго.
ТНЗ бол төсөл биш – хандлага.
ТНЗ бол бидний хамтын ирээдүй юм.

Өнөөдөр, бид 10 жилийг тэмдэглэж байна. Ирэх жилээс дараагийн 10 жил эхэлнэ. Энэ арван жил бол тогтвортой хөгжлийг ярих биш, бодитоор хэрэгжүүлэх үе цаг юм.
Хамтран зүтгэж байгаа Удирдах зөвлөл, Ажлын алба, хамтран ажилладаг Та бүхэндээ баярлалаа. Мөн бидэнтэй түншилж ажилласан, ажилладаг, одоо ажиллаж байгаа бүхий л байгууллага, хүмүүстээ гүн талархал илэрхийлье.