2026 оны нэгдүгээр сарын 21-ний өдөр “Эрчим хүчний бодлогод оролцоог хангах нь” бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Уг хэлэлцүүлгийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Оролцоо” төсөл, Эрчим хүчний салбарын холбогдох хууль тогтоомжуудад үнэлгээ хийж, боловсруулах үүрэг бүхий УИХ-ын Ажлын хэсэг хамтран зохион байгуулсан юм.
Монгол Улсын эрчим хүчний салбар нь нүүрсэнд суурилсан, төвлөрсөн бүтэц давамгайлсан хэв шинжтэй бөгөөд эрчим хүчний хэрэглээ тогтмол өсөж буйтай холбоотойгоор аюулгүй, найдвартай байдал, хүртээмжийн томоохон сорилтуудтай тулгараад байна. Ийм нөхцөлд цаашид сэргээгдэх эрчим хүч болон тархмал эх үүсвэрийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага үүсэж байгаа билээ. УИХ болон Засгийн газрын зүгээс энэ чиглэлд томоохон өөрчлөлт хийхээр бодлого, чиглэлээ тодорхойлохоор ажиллаж байгаа юм.
Энэхүү уулзалт, хэлэлцүүлгээр эрчим хүчний бодлогын шинэчлэлийг зөвхөн хууль тогтоох, бодлого боловсруулах түвшинд биш, олон талын оролцоотойгоор хийх ёстой гэдэг ойлголтыг нэг түвшинд авчрахыг зорьсон байна. Эрчим хүчний үйл ажиллагаанд оролцогч бүхий л талуудын санал бодол, туршлага, бодит хэрэгцээг нэг дор хэлэлцэж, тэдгээрийг эрчим хүчний хууль эрх зүйн шинэчлэл буюу одоо боловсруулагдаж буй Цахилгаан, Дулааны хуулийн төслүүд болон сэргээгдэх, тархмал эх үүсвэрийн бодлоготой уялдуулах нь гол үр дүн юм. Уулзалт хэлэлцүүлгээр салбарын мэргэжилтнүүд, төрийн болон хувийн хэвшлийн төлөөллүүд эрчим хүчний бодлогын шинэчлэлд ямар оролцоотой байх, яаж оролцох, оролцоогоо хангаснаар бодлого, шийдвэрийн үр дүнтэй байдалд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг хэлэлцсэн.
Уг хэлэлцүүлэгт эрчим хүчний салбарын холбогдох хууль тогтоомжуудад үнэлгээ хийж, боловсруулах үүрэг бүхий УИХ-ын Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн М.Энхцэцэг тэргүүтэй Ажлын хэсгийн зөвлөхүүд болон мэргэжилтнүүд, Эрчим хүчний яамны холбогдох мэргэжилтнүүд, Эрчим хүчний зохицуулах хороо болон холбогдох агентлаг, төрийн өмчит компаниудын төлөөлөл, хувийн хэвшлийн төлөөлөл, мэргэжлийн холбоодын төлөөлөл оролцсон юм.
Энэ үеэр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Хүний хөгжлийн төлөөх оролцооны арга замуудыг сайжруулах Оролцоо” төслийн хүрээнд зарласан тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 2 төслийг танилцуулж, тэтгэлгийг гардуулах үйл ажиллагааг зохион байгууллаа. Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ болон Энержи Инсайт сэтгүүлийн хамтарсан баг, мөн Ирээдүйн эрчим хүчний манлайлагчид ТББ тэтгэлэг гардав.
НҮБХХ-ийн “Оролцоо 3P4D” төслөөс тэтгэлэг авч буй Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл ТББ болон эрчим хүчний чиглэлээр дагнасан Энержи ИНсайт сэтгүүлийн хамтарсан “Эрчим хүчний шинэчлэл – оролцоотой байж бодит болно” төслийн баг нь бодлогын цогц шинэчлэлийг олон талын оролцоотойгоор дэмжих зорилготой. Төслийн хүрээнд оролцооны туршлагыг бодлогын түвшинд ойртуулж, олон талын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулахыг зорьж байна.
