Өмнөговь, Ханбогд, 2026.02.27–02.28 – Өмнөговь аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг оролцуулсан “Орон нутгийн сэтгүүлчдийг чадавхжуулах хөтөлбөр”-ийн 2 дахь шатны сургалт амжилттай болж, оролцогчид “Оюутолгой” компанийн усны менежментийн бүх үе шаттай танилцлаа.
Энэ удаагийн сургалтын гол онцлог нь усны эх үүсвэрээс эхлээд хаягдал ус цэвэршүүлэх хүртэлх үйл ажиллагааг нарийн ойлгуулж, практик мэдлэг олгоход чиглэгдсэн явдал байв. Эхний өдөр сургалтыг хөндлөнгийн судлаачид, мэргэжлийн багш нар удирдан явуулж, орон нутгийн сэтгүүлчдэд хариуцлагатай уул уурхайн үндсэн ойлголт, орон нутгийн харилцаа, усны менежментийн талаар мэдээлэл өглөө. Мөн сошиал медиа контент бүтээх практик дадлагыг багтаасан нь шууд хэрэглэж болохуйц практик мэдлэгээр баялаг агуулгатай болсон юм.
Сургалтын хоёр дахь өдөр сэтгүүлчид Оюутолгой уурхайн усны нөөц, хэрэглээний практик ойлголттой танилцсаны дараа усны эх үүсвэрийн цэг (Гүний хоолойн орд) ус нөөцлөх байгууламж, баяжуулах үйлдвэрийн өтгөрүүлэх байгууламж болон үйлдвэрийн усыг дахин ашиглах процессын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн хаягдал хадгалах байгууламж, ус цэвэршүүлэх байгууламж, шинэ Бор-Овоогийн булагт очиж усны урсацыг нэмэгдүүлсэн сайн туршлагатай танилцаж, ус ашиглалтын зохицуулалт, дахин ашиглалт, менежментийн практик мэдлэгээ бэхжүүлэв.
Тус сургалтын үеэр “Оюутолгой” компанийн анхны монгол Гүйцэтгэх захирал С.Мөнхсүх Өмнөговийн сэтгүүлчидтэй уулзаж, компанийн хариуцлагатай уул уурхайн бодлого, орон нутгийн хөгжлийг дэмжих механизмын талаар мэдээлэл өгч, асуултад нээлттэй хариулсан нь сургалтын онцлог болж, оролцогчдын ойлголтыг гүнзгийрүүлэв.
Энэхүү сургалт, аялал нь сэтгүүлчдийг уул уурхайн асуудлаар илүү гүнзгий мэдлэгтэй болгох, усны менежментийн үйл ажиллагааны бүх үе шатыг ойлгох ач холбогдолтой болсныг оролцогчид онцолж байлаа.