2026 оны дөрөвдүгээр сарын 23-24-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Өмнөговь аймгийн сэтгүүлчдийг чадавхжуулах” 3 дахь шатны сургалт амжилттай зохион байгуулагдлаа. Гурав дахь удаагийн суралцах үйл ажиллагаа Улаанбаатар хотноо болж, Өмнөговь аймгийн хэвлэл мэдээллийн байгууллагад ажиллаж буй сэтгүүлч, редактор, контент бүтээгчид оролцов. Тус сургалтыг “Оюу толгой” компанийн санаачилга, дэмжлэгтэйгээр, Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл зохион байгуулсан юм.
Энэ удаагийн сургалт нь уул уурхай, эдийн засаг, нийгэм, байгаль орчны асуудлыг зөв ойлгон, баримтад тулгуурлан мэдээлэх чадвараа сайжруулахын зэрэгцээ орчин үеийн сэтгүүл зүйн шинэ хэрэгсэл, арга барилыг эзэмшүүлэхэд чиглэснээрээ онцлог байлаа.
Сургалтын эхний өдөр “Уул уурхай ба нийгэм, эдийн засагт оруулж буй хувь нэмэр” сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлгүүд өрнөв. Энэ үеэр хариуцлагатай уул уурхайн шалгуур, Өмнөговь аймгийн уул уурхайн өнөөгийн байдал, “Оюу толгой” компанийн эдийн засаг, нийгэмд оруулж буй хувь нэмэр, усны нөөц ба хэрэглээний асуудлыг танилцуулсан юм. Мөн оролцогчид багийн ажлын хүрээнд дата, мэдээллийн эх сурвалжийг сэтгүүл зүйн агуулгад хэрхэн оновчтой ашиглах талаар практик дадлага хийв.
Хоёр дахь өдөр “Орчин үеийн сэтгүүл зүй ба ур чадварын хөгжил” сэдвийн дор үргэлжилж, хиймэл оюун ухааныг сэтгүүл зүйд ашиглах боломж, дата сэтгүүл зүй, анимэйшн контент бүтээх аргачлал зэрэг сэдвүүдийг практикт тулгуурлан заалаа.
Түүнчлэн Graph.mn сайтын редакцид хийсэн айлчлалын үеэр контент төлөвлөлт, сошиал медиа стратеги, уншигч татах бодит туршлагаас суралцаж, “News Cafe”-д болсон нээлттэй яриагаар мэдээлэл харилцааны салбарын туршлагыг хуваалцсан нь оролцогчдын сонирхлыг татсан хэсэг байв.
Сургалтын дараа оролцогчид ургалтын дараа оролцогчид датад суурилсан нийтлэл, хиймэл оюун ухаан ашигласан контентын санаа, богино анимэйшн контентийн концепц боловсруулах зорилт тавьсан нь сургалтыг бодит үр дүнд чиглүүлсэн чухал алхам боллоо.
Энэхүү 3 шатны сургалт нь орон нутгийн сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, орчин үеийн сэтгүүл зүйн чиг хандлагад нийцсэн контент бүтээх чадамжийг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсан арга хэмжээ боллоо.