Орон нутгийн иргэдэд геологи, уул уурхайн салбарын талаар шинжлэх ухаанч, ойлгомжтой мэдээлэл хүргэх, харилцан ойлголцол, оролцоонд суурилсан харилцааг хөгжүүлэх зорилготой “Геологи, уул уурхайг танин мэдэх өртөөлөх аялал” өдөрлөгийг Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ) нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Рашаант багт (2026.05.14) амжилттай зохион байгууллаа.
“Иннова Минерал” ХХК-ийн захиалгаар хамтран хэрэгжүүлсэн энэхүү өдөрлөг нь уул уурхай, геологийн салбарын талаарх түгээмэл буруу ойлголтыг залруулах, орон нутгийн иргэдэд бодит мэдээлэл хүргэх, нээлттэй харилцааны орчин бүрдүүлэхэд чиглэсэн юм.
“Иннова Минерал” компани нь Рашаант багийн нутагт тусгай зөвшөөрлийн хүрээнд хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үйл ажиллагаагаа орон нутгийн иргэдэд зөвөөр ойлгуулах, ил тод танилцуулах зорилгоор энэхүү танин мэдэхүйн өдөрлөгийн туршлагыг хэрэгжүүлсэн нь онцлог байв. Ялангуяа хайгуулын компани үйл ажиллагааныхаа талаар орон нутгийн иргэдэд зориулсан нээлттэй өдөрлөг зохион байгуулж буй нь уул уурхайн салбарын нийгмийн хариуцлага, орон нутагтай харилцах шинэ соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн дэвшилтэт алхам болж байна. Энэ нь зөвхөн мэдээлэл түгээхээс гадна харилцан ойлголцол, итгэлцлийг бий болгох, орон нутагтай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Өдөрлөгт Рашаант багийн 80 орчим иргэн хамрагдсан. Рашаант багийн Засаг дарга, Иргэдийн нийтийн хурлын дарга нар уг арга хэмжээнд оролцож, ийм төрлийн танин мэдэхүйн агуулгатай өдөрлөгийг иргэд олноор цуглардаг багийн хурал зэрэгтэй уялдуулан зохион байгуулах нь иргэд олноор оролцоход үр дүнтэйг онцлон тэмдэглэж байлаа.
Өдөрлөгийн хүрээнд “Эрдэс чулуулгаа танин мэдье”, “Эд юмс юунаас үүсдэг вэ?”, “Хамтдаа хянацгаая”, “Хүүхдүүд ээ, нааш ир!”, “Таны цахим боловсролд” зэрэг таван өртөөгөөр дамжуулан танин мэдэхүйн болон оролцоонд суурилсан үйл ажиллагаа зохион байгуулсан юм.
Иргэд геологи хайгуулын багаж хэрэгсэлтэй танилцаж, эрдэс түүхий эдийн хэрэглээний талаар мэдээлэл авч, байгаль орчны хэмжилтийн туршилт, үзүүлбэрүүдэд оролцохын зэрэгцээ VR төхөөрөмжөөр уул уурхайн үйлдвэрлэлтэй танилцах виртуал аялал хийж, танин мэдэхүйн хөгжөөнт таавраар мэдлэгээ сорилоо. Мөн “Таны цахим боловсролд” хэсгээр дамжуулан цахим орчны эрсдэл, мэдээллийн аюулгүй байдал, E-Mongolia үйлчилгээний талаарх зөвлөгөө мэдээллийг хүргэж, малчдын өдөр тутмын хэрэгцээнд тулгуурласан дэмжлэг үзүүлсэн юм.
Өдөрлөгийн үеэр нийт 54 оролцогч санал асуулгын хуудас бөглөснөөс дийлэнх нь арга хэмжээг “сайн” гэж үнэлж, геологи, уул уурхайн талаарх ойлголтоо нэмэгдүүлсэн гэж үзжээ. Мөн олонх нь цаашид иймэрхүү төрлийн арга хэмжээнд дахин оролцох сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байлаа.
“Геологи, уул уурхайг танин мэдэх өртөөлөх аялал” өдөрлөг нь орон нутгийн иргэдэд шинжлэх ухаанч мэдээллийг энгийн, хүртээмжтэй хэлбэрээр хүргэж, уул уурхай, орон нутгийн хамтын ажиллагаанд итгэлцэл, ойлголцлыг бэхжүүлэхэд чиглэсэн үр дүнтэй туршлага болж байгааг оролцогчдын идэвх, сэтгэгдэл харуулж байна.
Геологи, уул уурхайн салбарын тулгамдсан асуудлын нэг болох орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаанд чиглэсэн туршилтын төслийг ТНЗ болон Mining Insight сэтгүүл 2023 онд Булган аймгийн Бүрэгхангай, Дорноговь аймгийн Алтанширээ, Дундговь аймгийн Хулд суманд УУХҮЯ болон АМЕП 2 хөтөлбөрийн санаачилгаар хамтран хэрэгжүүлсэн юм. Төслийн хүрээнд хийсэн судалгаагаар тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудын зүгээс иргэдтэй нээлттэй харилцах, бодит мэдээлэл хүргэх ажил хангалтгүй байгаа нь уул уурхайн салбарт үл итгэх хандлагыг бий болгож буй гол хүчин зүйлсийн нэг болохыг тодорхойлсон. Иймээс төслийн баг энэхүү туршлагадаа тулгуурлан геологи, уул уурхайн компаниудтай хамтран тусгай зөвшөөрлийн бүс нутагт танин мэдэхүйн өртөөлөх аяллыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд өнгөрсөн жил “Хургатай хайрхан” компанитай хамтран Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнтогтох, Мөрөн суманд амжилттай хэрэгжүүлсэн туршлагатай.
Оролцоонд суурилсан эдгээр өдөрлөгөөр мэдээллийг энгийн ойлгомжтой хэлбэрээр хүргэснээр иргэдийн мэдлэг ойлголт нэмэгдэж, геологи, уул уурхайн салбарын талаарх сөрөг хандлага, буруу ойлголтыг залруулж буй эерэг үр дүн гарсан билээ.
