Уул уурхайн салбарт ил тод байдал нь итгэлцлийг бий болгох, нийгмийн зөвшөөрлийг хадгалах, хариуцлагыг сайжруулах гол хэрэгсэл гэж үздэг. Гэвч бодит байдал дээр мэдээллийг олон нийтэд ил болгосноороо эдгээр зорилт тэр бүр биеллээ олдоггүйг нэгэн судалгааны үр дүн харуулж байна. Судалгааг Канадын Бритиш Колумбийн Их Сургуулийн судлаач, ТНЗ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн Б.Булган Канадын Бритиш Колумбийн Их Сургууль болон Австралийн Квинсландын Их Сургуулийн уул уурхайн засаглал, тайлагналын чиглэлээр ажилладаг туршлагатай мэргэжилтнүүдийн оролцоотойгоор хийжээ.

Оролцогчдын туршлагаас харахад мэдээллийг нийтэд ил болгох нь чухал алхам боловч дангаараа хангалтгүй юм. Ил тод байдал нь мэдээлэл цаг үеэ олсон, хүлээн авагч талын хэрэгцээ, ойлголтын түвшинд нийцсэн, ойлгомжтой бөгөөд ашиглах боломжтой байхыг шаарддаг.
Уг судалгаагаар ил тод байдал нь итгэлцэл болон нийгмийн зөвшөөрөлтэй салшгүй холбоотой гэж тодорхойлсон байна. Гэвч оролцогчид үүнтэй холбоотой нэгэн зөрчилтэй нөхцөлийг онцлон тэмдэглэжээ. Тодруулбал, ил тод байдал нь итгэлцлийг бий болгох ёстой гэж үздэг ч түүний үр нөлөө бодитоор хэрэгжихийн тулд тодорхой хэмжээний итгэлцэл урьдчилан бүрдсэн байх шаардлагатай байдаг.

Мэргэжилтнүүдийн тодорхойлсон гол саад бэрхшээлүүдэд байгууллагын болон салбарын хэвшсэн соёл, зөвхөн зохицуулалтын шаардлага биелүүлэхэд чиглэсэн тайлагнал, хэт техникийн хэллэгтэй урт тайлангууд, орон нутгийн онцлогийг тусгаагүй нэгтгэсэн мэдээлэл, мэдээллийн хоцрогдол, хэмжүүр үзүүлэлтүүдийн стандартгүй байдал, зохицуулагч байгууллагуудын хяналтын сул механизм зэрэг багтжээ. Мөн олон нийтийн оролцооны үйл явц үр дүн багатай, зөвлөлдөх уулзалтууд хэт давтагдсанаас оролцогчдын идэвх буурах, зарим тохиолдолд оролцоо нь бодит нөлөөгүй, зөвхөн хэлбэр төдий хэрэгждэг болохыг онцолсон байна.
Судлаачийн үзэж байгаагаар уул уурхайн салбарын ил тод байдлыг илүү үр дүнтэй болгохын тулд мэдээллийг оролцогч талуудтай хамтран тодорхойлох, уурхайн болон орон нутгийн нөхцөл байдалд тохируулан мэдээлэх, энгийн ойлгомжтой хэл ашиглах, оролцоонд суурилсан мониторинг хэрэгжүүлэх, мөн байгууллагын дотоод болон гадаад харилцааны уялдааг сайжруулах шаардлагатайг онцолсон байна.
Энэхүү судалгаа нь уул уурхайн салбарт ил тод байдал гэдэг нь зөвхөн мэдээлэл ил болгох асуудал бус, харин итгэлцэл, оролцоо, харилцан ойлголцолд тулгуурласан засаглалын цогц үйл явц болохыг дахин харуулж байна.

Судалгааг энэ холбоосоор дэлгэрүүлэн уншаарай.