Уул уурхайн засаглал, эмэгтэйчүүдийн манлайлал, хүний эрх, орон нутгийн оролцоо, нөхөн сэргээлтийг нэг дор зангидсан Монголын туршлагыг НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-ын үеэр олон улсын түвшинд танилцуулна.
17 дугаар Бага хурлын хүрээнд “Хариуцлагатай уул уурхай ба эмэгтэйчүүд: Оролцоонд суурилсан засаглал ба нөхөн сэргээлтийн сургамж, цаашдын боломжууд” арга хэмжээ 2026 оны наймдугаар сарын 19-ний өдрийн 10:30-12:00 цагт Цэнхэр бүсийн UNDP–UNCCD хамтарсан павильонд болно.
Арга хэмжээг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Эрдэс баялаг, эмэгтэйчүүдийн холбоо болон Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл хамтран зохион байгуулах юм.
Уул уурхайг зөвхөн олборлолт ашиглалт бус, хүний эрх, орон нутгийн оролцоо, жендэрийн тэгш байдал, байгаль орчны хариуцлага, нөхөн сэргээлттэй цогцоор авч үзэх нь арга хэмжээний гол агуулга байх юм.
Хэлэлцүүлгийн үеэр Монгол Улсад хэрэгжүүлсэн хариуцлагатай уул уурхайн засаглалын бодит туршлага, үр дүн, сургамжийг танилцуулж, тэдгээрийг цаашид үндэсний болон олон улсын түвшинд хэрхэн өргөжүүлэх талаар ярилцана. Тодруулбал, хүний эрхийн магадлан шинжилгээ, Хариуцлагатай уул уурхайн кодекс, Хамтын оролцоотой байгаль орчны мониторинг, Зөвлөлдөх санал асуулга зэрэг оролцоонд суурилсан механизмуудыг онцлон танилцуулах юм.
Арга хэмжээний нэг гол сэдэв нь уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүдийн оролцоо, манлайлал байна. Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга О.Батболд “Эмэгтэйчүүд ба уул уурхайн ирээдүй” судалгааны хүрээнд хуримтлуулсан туршлага, сургамжийг танилцуулна. Уг судалгааны хүрээнд уул уурхайн салбар дахь эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт, манлайлал, STEM боловсрол, шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлэхэд тулгарч буй боломж, сорилтыг авч үзсэн бөгөөд эдгээр асуудал хэлэлцүүлэгт хөндөгдөнө. Ингэснээр уул уурхай дахь эмэгтэйчүүдийн оролцоог зөвхөн ажил эрхлэлтийн тоогоор бус, шийдвэр гаргалт, технологи, мэргэжлийн боловсрол, салбарын засаглалд бодит нөлөө үзүүлэх түвшинд авч үзэх боломж бүрдэх юм.
Түүнчлэн арга хэмжээ зөвхөн илтгэл, хэлэлцүүлгээр хязгаарлагдахгүй. Богино хэмжээний видео, гэрэл зургийн үзэсгэлэн, STEM охидын булан, уул уурхайн салбарын эмэгтэйчүүдийн танилцуулга, дижитал мэдлэгийн төвөөр дамжуулан Монгол Улсад хуримтлагдсан туршлага, мэдлэгийн бүтээгдэхүүнийг COP17-ын оролцогчдод хүргэнэ. Эдгээр нь хариуцлагатай уул уурхай, хүний эрх, жендэрийн тэгш байдал, орон нутгийн оролцоо, байгаль орчны хамгаалал, нөхөн сэргээлтийн асуудлаарх бодит жишээ, түүх, туршлагуудыг хамрах юм.
Хэлэлцүүлгийн төгсгөлд төр, хувийн хэвшил, орон нутаг, иргэний нийгэм, хөгжлийн түншүүдийн оролцоотойгоор Монгол Улсад хариуцлагатай уул уурхайг дараагийн шатанд хэрхэн хөгжүүлэх, хамтын ажиллагааны ямар шинэ механизм бий болгох талаар санал солилцоно.
Монголын хариуцлагатай уул уурхайн туршлагыг COP17-ын индэрт танилцуулна
13 / 8 / 2026
