Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ)-өөс зохион байгуулдаг дугуй ширээний ээлжит уулзалт 2026 оны 11 дүгээр сарын 24-нд боллоо.
Уг уулзалтаар уул уурхайн компаниудын тогтвортой хөгжил, орон нутгийн харилцаа, байгаль орчин, нийгэм, засаглал (ESG) хариуцсан менежер, мэргэжилтнүүд салбарт тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар санал солилцдог уламжлалтай. Зөвшөөрөл, эрх зүй, геологи, хэвлэл мэдээлэл, хөрөнгө оруулагчидтай харилцах, захиргаа, хүний нөөцийн чиглэлээр ажилладаг төлөөлөл ч уг уулзалтад оролцдог.
Энэ удаа оролцогчид уул уурхайн салбарын тогтвортой хөгжлийн олон улсын болон Монгол дахь чиг хандлага, тулгамдсан асуудлыг авч үзэв. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн 42 дугаар зүйлд орсон өөрчлөлтийг орон нутгийн оролцоотой холбон хэлэлцэж, орон нутгийн харилцааны чиглэлээр талуудын чадавхыг бэхжүүлэх, мэргэшүүлэх сургалтын хэрэгцээг авч үзлээ.
Хэлэлцүүлгийн үр дүнд Эрдэс баялгийн салбарын “Тогтвортой хөгжил” дугуй ширээний уулзалтад оролцогчид орон нутгийн гэрээ, ил тод байдалтай холбоотой хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлэх явцад тодруулах шаардлагатай асуудлаар 2027 оны нэгдүгээр улиралд холбогдох төрийн байгууллагуудтай уулзахаар тохиролцов. Түүнчлэн сургалтын агуулгыг оролцогч талуудын хэрэгцээнд тулгуурлан боловсруулж, 2027 оны нэгдүгээр улиралд багтаан сургалтыг эхлүүлэхээр тогтов. Энэ хугацаанд уул уурхайн компаниудын тогтвортой хөгжлийн мэргэжилтнүүдэд зориулсан туршлага солилцох хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлж эхлэхээр тохиролцлоо. Салбарын оролцогч талууд мэдээлэл, туршлага солилцох дугуй ширээний уулзалт цаашид тогтмол зохион байгуулагдана.
